Өдөр болгон шинэ…

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна

Уурлахаасаа өмнө ухааръя

Posted by zsonor on May 26, 2009


Бяцхан хүү чинь уйлаад л уурыг чинь бараа юу бүсгүй минь? Ямар цовоо дуутай хүү вэ? Бүүр уйлж ч чаддаггүй уравгар хүүхдийн хажууд золбоотой байна аа. Зөвхөн л таны л ойлгодог хэлээр тантайгаа л ярьж байгаад нь харин ч та баярла.

Ээж, аавынхаа зэмлэлд бүү уурла, хүүхдүүдээ. Магадгүй тэд чам шиг хүүхэд явснаа мартчихсан байх. Загнуулах аав, ээжтэй байгаадаа харин ч та баярла. Загнуулах ч ээжгүй хүүхдүүд зөндөөн байна цаагуур чинь.

Гэрийн ажилдаа туслаагүй охиндоо бүү уурла, ээжээ. Магадгүй улсын ажилд туслаад завгүй байсан байх. Илүү том сэтгэж илүү ихийг амжуулж байгаад нь харин ч та баярла.

Оройтож ирсэн хүүдээ бүү уурла, ааваа. Оройтно гэдэг чинь дэмий тэнэсэн гэсэн үг биш шүү ээ! Юу амжуулаад ирснийг нь эхлээд асуу. Анх удаа орцны гадаа охин хүлээсэн байж болно, ангийхантайгаа нийлж компани байгуулах талаар ч ярилцсан ч юм бил үү? Магадгүй автобусны мөнгөөрөө айлын охинд бохь авч өгчихөөд алхсаар ирсэн ч юм уу? Эр өсөж эсгий сунаж байна. Харин ч та баярла.

Yнэтэй шилийг чинь хагалсан бяцхан дүүдээ бүү уурла, Эгчээ. Эгч шигээ хөөрхөн болно гэж толинд харан байхдаа, ингэж уурлууъя гэж бодоогүй юм шүү дээ. Шилнээс үнэтэй дүү гэж байх уу?! Өөрөө унаад хагарчихаагүйд нь харин ч та баярла.

Муу авсан хүүдээ бүү уурла, ээжээ. Яагаад муу авсан юм бол? Би хичээлд нь тусалсан бил үү? гэж өөрөөсөө эхлээд асуу. Амьдрал хүүд чинь муу дүн тавьчихаас нь өмнө, хүүдээ цаг гаргах хэрэгтэйг сануулсанд нь харин ч та баярла.

Хайртынхаа жижиг алдаанд бүү уурла, хайраа. Магадгүй чинийхээ итгэлийг шалгасан сорилт ч байж мэднэ. Том алдаа гаргахгүйн ухаарал ч байж мэднэ. Итгэл байгааг чинь нотлосонд харин ч та баярла.

1000 төгрөг зээлээд өгөөгүй найздаа бүү уурла, эрхэм ээ. Итгэлээ зээлдүүлж болохгүй гэдгийг ухааруулж өгсөнд харин ч та баярла.

Хатуу үгтэй найздаа бүү уурла, хэн гуай.
Yнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Yхэр унасан хүнд нохой өшөөтэй
Yг хэдий хатуу ч амьдралд тустай
Эм хэдий гашуун ч биенд тустай.
Yнэн үг үнэд орж үйлийн үр өөрөө соёолдог биш үү.
Дулаанд нялхарсан бялзуухай анхны цаснаар бээрдэг.
Зөөлөн үгэнд нялхарсан нялзраахай анхны хатуу үгэнд урвайдаг.
Үг даадаг эр хүн болоход нэг алхам нэмсэн анддаа, харин ч та баярла.

Чамайг тоогоогүй бүсгүйд бүү уурла, залуу. Хоёр хүнийг учруулах гэж хорвоо хүртэл эргэдэг гэнэ. Хорвоо эргэж л байгаа. Дараагийн бүсгүйтэй учрах боломж олгосон нь харин ч та баярла.

Зам хөндлөн гарах үед шүргэчих шахан өнгөрсөн Данхар машины жолоочид бүү уурла, эрхэм ээ. 1 алхамаар зөрсөн бол Та өөрөө ч байхгүй болоод, Данхарын жолооч ч аавынд очиж болох байсан. Харин энэ бүхэн болоогүйн төлөө харин ч та баярла.

Машины чинь хамрыг ямбий болтол шүргэсэн шинэхэн жолоочид бүү уурла, эрхэм ээ. Машины хамрын төлөө архиралцаж, барилцаж өөрийнхөө хамрыг ямбий болгох хэрэг байна уу? Таны хамараас үнэтэй төмрийн сэг гэж байх уу? Учир явдлаа ярилц. Цагдаа ах иртэл, эр хүн шиг бай. Цагдаа ах ирлээ, харин ч та баярла.

Суудал тавиагүй хүүд бүү уурла, эмээ. Магадгүй та сандал дээр суухааргүй залуухан харагдсан байх. Хөгширсөн- залуугаас илүү залуу хүн шиг эрч хүчтэй байгаадаа, харин ч та баярла.

Хөл дээр чинь гишгэсэн залууд бүү уурла, бүсгүй. Магадгүй та таалагдаад өдсөн байх. Олон олон бүсгүйчүүд байхад таны л дэргэд зогсоод, таны л хөл дээр гишгэсэн энэ залууд харин ч та баярла.

Автобусны мөнгөгүй оюутанд бүү уурла, кодуктараа. Мөнгөгүй гэж шалтаглалгүйгээр загнуулаад л болов хичээлдээ явъя гэсэн урамыг нь та бодоорой. Хэдхэн жилийн дараа 300 төг-с ч илүү ихийг бүтээнэ гэдэгт нь итгээрэй. Шантрашгүй, мятрашгүй залуус байгаад нь харин ч та баярла.

Хичээлдээ хоцорсон шавьдаа бүү уурла, багшаа. Магадгүй таны заасан хичээлийг шөнөжин давтсан байх. Хоцорсон ч гэсэн, загнуулаад ч болтугай хичээлдээ сууя гэсэн эрмэлзэл байгаад нь харин ч та баярла.

Багш чинь чамд хатуурхаж дүнгээр хясаж байгаад бүү уурла, сурагч минь. Амьдрал багшаас чинь хатуу байвал яах уу? Хатуу бэрхэд дасгалжуулсан багшдаа, харин ч та баярла.

Ажил чинь бэрхшээл бүхэнтэй учирч байгаад бүү уурла, ажилтан минь. Шувууны хувьд салхи бэрхшээл мөн боловч, салхигүй орчинд шувууг оруулвал юу болох вэ? Жигүүр хөшүүрэггүй болно. Салхи бэрхшээл мөн боловч нөгөө талаас хөдөлгөгч хүч болж байна. Таны бэрхшээл- таны хөдөлгөгч хүч. Цас уулынхаа хэмжээгээр унадаг. Танд ийм том бэрхшээл тулгарлаа гэж үү? Та тэр хэмжээгээр том. Бэрхшээлгүй амьдрал- үхширсэн нойрсолт болно. Ийм болоогүйн төлөө харин ч та баярла.

Ажил дээрээ оройтсон ажилтанд бүү уурла, жижүүр ахаа. Архи ууж, ам цуураагүй, гар хуруугаа хөдөлгөж л байгаа бол нэг юм хийж байгаа нь л тэр. Нэг юм хийж байгаа бол нэг юм бүтээж байгаа нь тэр. Нэг юм бүтээж байгаа бол нэг юм дуулдуулж л таарна. Юм дуулдуудах залуу, ажлын цаггүй ажиллаж байна, харин ч та баярла.

Yзэл бодол нийлдэггүй ажлынхаа хамтрагчид бүү уурла, залуу. Тэр та биш. Та тэр биш. Харин янз бүрийн хүмүүс байдаг учраас л амьдрал сонирхолтой. Бүгд л ууттай еэвэн шиг нэг хэвтэй байвал сайхан уу? Үзэл бодлыг чинь баяжуулж өгсөнд харин ч та баярла.

Чамайг гомдоосон эрхэмд бүү уурла, хүн гуай. Хатуу нь зөөлнөө дийлдэг. Ус чулууг элээдэг. Хүн чамд чулуу шиг хандвал чулуугаар цохих гэж бүү яар! Бодох хэрэгтэй. Хонзонгоос хонзон төрнө. Энэрэнгүй өөрөө догшин байхаас ч илүү хүч чадлыг агуулж байдаг. Хав нохой мэт бүү аашла, Арслан мэт амгалан бай. Гомдолыг даван туулахад сэтгэлийг тань дасгалжуулж өгсөнд харин ч та баярла.

Муу төр засаг байна гэж бүү уурла, эрхэм ээ. Ямар ард түмэн байна тийм төр байна. Ийм төр байх ёсгүй гэдгийг, ард түмнээ ямар болгох хэрэгтэйг ухааруулж өгсөнд харин ч та баярла.

Өөрөө өөрийгөө зүхэж бүү уурла, хүн гуай. Түр хүлээ… Таны бодол таны амьдралыг яг одоо ч бүтээж байгаа. Эхлээд өөрөө өөрчлөгд Тэгээд Эргэн тойрон чинь өөрчлөгдөхийг та мэдрэх болно.

Уурыг чинь барах бүх зүйлсээс
Уурлахгүй байх нэг шалтгаан хайя!
Уурлахаа өмнөө барилгүй
Ухаарахаа өмнөө барьцгаая!
Улсын аврага болохгүй ч
Ухаарлын аврага болцгоое!
Улс нийгмээрээ жаргалтай
Уужуу тайван амьдарцгаая!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: